Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Дорноговь аймгийн Говийн ноён хутагтын музей


  • Хаана:
  • Дорноговь аймгийн Говийн ноён хутагтын музей
  • Хэзээ:
  • 2023.11.01-2024.11.30
  • Зохион байгуулагч:
  • Говийн ноён хутагтын музей
  • Тоглолтын төрөл:
  • Музей
  • Насны ангилал:
  • 3+
  • Тасалбарын үнэ:
    • 5,000₮
    • 2,000₮
    • 10,000₮
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Данзанравжаагийн музей

XIX зууны үеийн Монголын их соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу найрагч, театрын урлагийг үндэслэн байгуулагч жүжгийн зохиолч, найруулагч Буддын шашны нууц тарнийн их мастер, говийн Ноён хутагт Данзанравжаагийн музей 1991 онд Сайншанд суманд байгуулагджээ.Ноён хутагт 1820-аад оноос эхлэн Хамарын хийд, Чойлонгийн хийд, Бүрдэний хийд зэргийг байгуулан 1840-өөд онд Улаан сахиусны хийд, Цагаан толгойн хийд, Дэмчогийн хийд, Ловончимбын агуй, хийд зэргийг байгуулжээ.

Данзанравжаа Хамарын хийдэд "Намтар дуулах дацан" хэмээх театр, номын өргөө, хүүхдийн дацан нэртэй урлагийн сургууль, Гиваадин Равжаалин нэртэй үзмэрийн сүм зэргийг байгуулсан нь хожмоо түүний соён гэгээрүүлэх түшиц газрууд болжээ.

Данзанравжаа 1803 онд Говь мэргэн вангийн хошуу (одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сум)-ын нутаг ядуу ард Дулдуйтын гэрт төржээ. Түүний бага ахуйд ээж нь нас барж өнчрөл хагацлын зовлонг үзсэн хэдий ч хурц сэргэлэн нэгэн тул айлын найр наадамд шүлэг дууг шууд зохион айлдаж олонд хүндлэгдэн улмаар говийн Ноён хутагтын V дүрд өргөмжлөгдөж Лувсанданзанравжаа хэмээн нэрлэгдэх болжээ.

Данзанравжаа Хүүхдийн дацан хэмээх сургуульдаа эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийг бичиг үсэгт сургаж үүндээ үндэслэн Дорно дахины эрдэм мэдлэг олгож "Саран хөхөөний намтар" жүжгийнхээ хөрөгчин буюу жүжигчин, хэл хоолойн дохиоч буюу дуучин, ерөөлч магтаалч, хөл гарын дохиоч буюу бүжигчин, жаазчин буюу аж ахуй, тайз засалч, урлалч үйлч, бичээч нарыг бэлтгэн гаргадаг байжээ. Хүүхдийн дацанг төгсөгчдөд тусгай тэмдэг дарсан даавуу (гэрчилгээ) олгодог байсан ажээ. Энэхүү сургуульд үздэг байсан сурах бичгүүд зураг урлал, хэв дардас, тэргүүтэн болон түүний холбогдолтой эд өлгийн зүйлс, гар бичмэлүүд эдүгээ тус музейд хадгалагдаж байна.

Түүний урлан бүтээлийн өвийг тоймлон үзвэл яруу найргийн 300 гаруй бүтээл (түүний Төвөд хэл дээр зохиогдсон 150 гаруй бүтээл буй аж) урт богины 100 гаруй дуу, гүн ухааны 1 боть, жүжгийн 10 дэвтэр зохиол болон шашны зан үйлийн бүтээлүүд байгаагаас гадна түүний зурсан олон арван зураг тус музейд бий. Тухайн үеийн нийгэмд бүсгүй хүнийг ухаан богино, төрөл муу, бузар муу үйлтэн хэмээн дорд үзэх үзэл ноёрхож, тэдэнд бичиг үсэг сургахыг эрс буруутгаж байв. Тэрбээр нийгмийн энэхүү бурангуй үзлийн эсрэг бүсгүй хүнийг бурханчлан шүтэх, бишрэх үзлийг сөргүүлэн тавьж тэднийг бичиг үсэгт сургаж байсан ба "Үлэмжийн чанар" хэмээх алдарт дуу энэ үед зохиогдсон билээ.

Данзанравжаа авьяас билэгтэй, тал бүрийн өргөн мэдлэг чадвартай XIX зууны Монголын томоохон соён гэгээрүүлэгчдийн нэг байсан нь түүний барьж байгуулсан сүм хийдүүд, музейд хадгалагдаж байгаа уран бүтээл, зурсан зураг, зохиосон дуу, шүлэг, яруу найраг болон бусад эд зүйлээс илт харагддаг.

Данзанравжаа 1856 онд хорлогдож нас баржээ. Түүнийг нас барсны дараа лам Ш.Балчинчойжоо Данзанравжаагийн шарилыг занданшуулан хатааж, Дингам буюу Гиваадинравжаалин хэмээх цуглуулгын сүмд залсан бөгөөд Хамарын хийд болон түүний бусад хийдүүдээс Данзанравжаатай холбогдолтой эд өлгийн зүйлсийг цуглуулан авдарлаж сүмд байрлуулсан байдаг.

Тэрээр олз ашиг хайгч хүмүүс хэдийд ч байх тул хэнд ч эс итгэн хорь гаруй жилийн дараа өөрийн хүү Ган-Очирт уламжлан үлдээжээ. Ган-Очир энэхүү үйлд багаасаа суралцаж албыг залгуулсаар 30-аад жилийн дараа өөрийн хүү Наръяадаа уламжлуулжээ. Наръяа нь хүү Онгойдоо, Онгой нь дүү Гомбодоо, Гомбо нь хүү Түдэвтээ уламжилсаар 1938 оныг хүрчээ.

1937-1938 оны гамшигт жил хийдийг галдан шатааж бурхан тахилыг эвдэн сүйтгэх их нугалаа Данзанравжаагийн байгуулж шавилан сууж амьдралынхаа алтан үеийг элээсэн Хамарын хийдийг тойроогүй юм. Тэр үед 25 настай залуу тахилч Түдэв галдан шатаагчдын хийг зайг харж зориг гарган шөнө дөлөөр сүм дэх өвийн зүйлээс үүрэн зөөж, хөдөө хээр ухаж бэлдсэн нүхэнд хийж булах, уул хадны агуйд нуух зэргээр 64 авдар зүйлийг авч үлдсэн ажээ. Хэдийгээр авч үлдсэн нь устгагдсан 1400 гаруй авдар зүйлийн өчүүхэн хэсэг боловч бас музейн үзмэр болж олны хүртээл болтлоо үзэл суртлын хатуу чанга дэглэмийн хараан дор 52 жил нууцлагдан хадгалагдаж иржээ. Данзанравжаагийн өв нь Тахилч хэмээгдэх олон хүний амьдрал, хөлс хүч, мэдлэг оюунаа зориулсан уйгагүй зүтгэлийн хүчээр бэрх цаг үеийг туулан 150-аад жил хадгалагдаж байгаа Монголын түүх соёлын дурсгалын хосгүй үнэт цогц өв юм.

Таалал орших болтугай.

Цагийн хуваарь: Өдөр бүр 09:00 – 18:00 цаг хүртэл.

Box Offices locations


1) Ticket.mn оффис & 19001800

  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-62, 5 давхар

Emart - Customer Serice

  • Emart Chingis