Онлайн туслах

Улсын филармони

Улсын яруу тунгалаг найрал хөгжмийг Радио хорооны дэргэд байгуулах тухай БНМАУ-ын Соёлын яамны сайдын 118 тоот тушаал 1957 оны 6-р сарын 5-ны өдөр гарсан байдаг. Тал талаас цугларсан хөгжимчид 1957 оны 6-р сарын 12-нд Элдэв-Очирын нэрэмжит кино театрын танхимд цугларч, Соёлын яамны орлогч сайд Л.Ванган цугларсан хөгжимчдөд Яруу тунгалаг найрал хөгжмийг зохион байгуулж, уран сайхны удирдагч, ерөнхий удирдаачаар Ц.Намсрайжавыг, туслах удирдаачаар Г.Бирвааг томилсон тухай тушаал сонсгож найрал хөгжмийн анхны хөгжимчид нээлтийн концертоо толилуулах бэлтгэл сургуулилтаа эхэлж байжээ.

"Улсын симфони найрал хөгжим" гэж албан ёсоор зарлуулсан нээлтийн тоглолтоо 1958 оны 2-р сарын 25-нд Улсын хөгжимт драмын театрт хийсэн нь ХХ зууны Монгол улсын хөгжмийн урлагийн түүхийн нэгэн содон хуудас болж үлдсэн юм. Тун удалгүй Яруу тунгалаг найрал хөгжмийг Радио хорооны харъяалалаас гаргаж, Кино үйлдвэрийг түшиглүүлэх тухай Соёлын яамны сайдын тушаал гарсан бөгөөд Симфони найрал хөгжмийн хамт олон ч уйгагүй хөдөлмөрийнхөө үр дүнд өөрсдийгөө уран бүтээлийн хувьд эрийн цээнд хүрсэн гэдгээ харуулж чадсан тул БНМАУ-ын Соёлын яамны сайдын 1963 оны 1-р сарын 1-ний өдрийн тушаалаар Улсын симфони найрал хөгжмийг бие даасан мэргэжлийн байгууллага болгожээ.

Ингэж монголын мэргэжлийн хөгжмийн урлагийн томоохон байгууллага болох Улсын Филармонийн үндэс суурь тавигдсан юм. Улмаар БНМАУ-ын Соёлын яамны сайдын1972 оны 7-р сарын 20-ны өдрийн 283 тоот тушаалаар хөдөлмөрчдийн дунд зохиох хөгжмийн сурталчилгаа, хүмүүжлийн ажлын үр нөлөөг дээшлүүлэх, концертын байгууллагуудын хүч, удирдлагыг төвлөрүүлэх зорилгоор Улсын симфони найрал хөгжим, Улсын ардын дуу, бүжгийн чуулгын дэргэдэх "Соёл-Эрдэнэ" чуулга, Мэдээлэл радио, телевизийн Улсын хорооны цахилгаан хөгжмийн чуулгыг нэгтгэн БНМАУ-ын Улсын Филармони байгуулагджээ.

Улсын симфони найрал хөгжим түүхээ бичиж эхэлсэн өдрөөсөө л монголын болон дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээлтэй ард түмнээ танилцуулж соён гэгээрүүлэх их аяныг эхлүүлсэн бөгөөд бодлого чиглэлтэй тодорхой үйл ажиллагааны үр дүнд симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүн улам бүр мэргэшин, хөгжимчдийн ур чадвар өдрөөс өдөрт дээшлэн үйл ажиллагаа, үүрэг чиглэл нь тайлбарт лекц концертоос Л.Бетховен, П.Чайковский, Д.Шостаковичийн симфони хүртэл, радиогийн чимэг хөгжмөөс кино, телевизийн олон арван бүтээл хийх хүртлээ өсөн нэмэгдэж, малчны суурь, үйлдвэрийн цехээс төрийн концертын танхим хүртэл өргөн зам туулсан билээ.

Энэ хугацаанд Монгол улсын Филармонийг манай байгууллагын тулгын чулуу болсон Симфони найрал хөгжмийг үүсгэн байгуулж, 30 гаруй жил дарга, уран сайхны удирдагч, ерөнхий удирдаачаар нь ажиллан, өөрийн орондоо сонгодог урлаг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Нийслэлийн засаг даргын 1992 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 28 тоот захирамжаар Монгол улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт Цэгмидийн Намсрайжавын нэрэмжит болгосон юм. 1994 оны 5-р сарын 25-ны өдөр Монгол улсын Морин хуурын чуулгыг Улсын Филармонийн бүрэлдэхүүнд багтаах тухай Монгол улсын Засгийн газрын 98 тоот тогтоол гарснаар Симфони найрал хөгжим, "Баян Монгол" джаз найрал хөгжим, Морин хуурын чуулгыг нэгтгэсэн Улсын Филармонийн өнөөгийн бүтэц бүрэлдэхүүн бий болсон байна.

Одоо жилдээ 60-80 мянган үзэгчтэй дэлхийн сонгодог урлаг, ардын болон эстрад, джаз зэрэг хөгжмийн олон урсгалыг мэргэжлийн түвшинд найруулан тоглодог 170 гаруй ажилтан, уран бүтээлчидтэй, өөрийн оронд төдийгүй олон улсын хэмжээнд Монгол Улсынхаа нэрийн хуудас болтлоо өссөн, томоохон мэргэжлийн хөгжмийн концертын байгууллага болжээ. Өнөөдөр манай уран бүтээлчид өөрийн орны үзэгч олонд монголын болон гадаадын хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлийг хүргэхээс гадна АНУ-ын Нью-Иорк хотын Карнеги Холл, ОХУ-ын Их театр, Японы алдарт Suntory Hall, Across Hall, ЮНЕСКО-ийн төв байр, Вена хотын Филармонийн танхим, Бээжин хотын Сувдан театр зэрэг дэлхийн уран бүтээлч бүрийн мөрөөдөл болсон алдартай концертын танхимуудад тоглож монгол эх орныхоо дуу хөгжмийн гайхамшгийг дэлхий дахинд сурталчилж байна.

Нийтэлсэн: uilst   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: uilst   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: uilst   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: uilst   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: uilst   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй

Хаяг


Facebook хуудас