Онлайн туслах

Мэдээ мэдээлэл

Үзэгчдийн алга ташилт, энергийг мэдрэх тэр агшин хамгийн гайхалтай ... Энхболдын АНХБАЯР

Сур: Та сайн байна уу? Тоглолт болох гээд тун завгүй байна уу? Бэлтгэл хангагдсан байгаа юу?

Э.А.: Сайн байна уу? Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Тоглолт маань болох гээд нэлээд завгүй л байна. Тоглолтын зохион байгуулалтын ажил 95%-тай болсон байна.

Сур: Таны дуучин болох гараа хэзээнээс, хаанаас, юунаас эхлэлтэй вэ?

Э.А.: Дуучин болсон маань цэцэрлэгт байхаас эхэлсэн гэж хэлж болно. Цэцэрлэгт байхдаа л дуулдаг байсан, үргэлжлүүлээд сургуульд ороод, сургуулийнхаа урлагийн наадамд байнга оролцдог байсан. Сургуулийнхаа дууны аварга болсноор дуунд их дуртай болсон. "Улаан бүч" чуулгын гоцлол дуучин байхдаа дуучин МУГЖ Жавхлан, МУГЖ Түвшинтөгс, МУГЖ Эрдэнэбат нарыг их сонсдог байсан. Энэ бүгд нийлээд дуучин болоход их нөлөөлсөн.

Сур: Хамгийн анхны дуу, анхны тайз

Э.А.: Анхны дууны хувьд арван жилийн 4 дүгээр ангид байхдаа нэг киноны дуу дуулж байсан . Уран бүтээлч болсноос хойш дуулсан хамгийн анхны дуу гэвэл "Мандах ёстой юм" гээд дуу байгаа. Хамгийн анхны тайз бол мэдээж миний төгссөн сургуулийн маань тайз байсан.

Сур: Яагаад заавал дуурийн дуучин болсон бэ?

Э.А.: Дуурийн дуучин болсон маань Жавзандулам багшийн сонголт байсан. Анх шавь нь болсон цагаас эхлээд надад дуурийн дуучийн болохыг зөвлөсөн. Багшийнхаа заасан замаар чамгүй амжилт үзүүллээ. Багшдаа үргэлж талархаж явдаг. Энэ завшааныг ашиглаад багшдаа маш их баярлалаа, хүү нь ачийг нь хариулна аа гэж хэлье.

Сур: Таны мэргэжил хэцүү юу? Юу нь хамгийн хэцүү вэ? Юу нь хамгийн сайхан бэ?

Э.А.: Мэдээж мэргэжил бүхэн сайхан, бас хэцүү зүйл бий. Дуурийн дуучны хувьд хоолой маш чухал. Тийм болхоор хэцүү зүйл нь тайзан дээр гарсны дараа хоолой асуудалтай, өвчтэй байх, хүрэх өнгөндөө хүрч чадахгүй байх л хамгийн хэцүү нь юм даа.

Сур: Дуучин болсоор мэдэрсэн хамгийн сайхан, мартагдашгүй агшин?

Э.А.: Сайхан зүйл мэдээж зөндөө... Үзэгчдэдээ уран бүтээлээ хүргээд, тайзан дээрээ дуулаад дуусахад үзэгчдийн алга ташилт, энергийг мэдрэх тэр агшин хамгийн гайхалтай. Үүнд л бидний мэргэжлийн сайхан нь оршдог болов уу. Тэр мөч бүхэн үргэлж сайхан байдаг.

Сур: Манай улсад дуурийн урлагийн хөгжил ямар түвшинд байна вэ? Та ямар хувь нэмэр оруулж байгаа вэ?

Э.А.: Манай Монгол улсад сонгодог урлаг, тэр дундаа дуурийн урлаг ахицтай хөгжиж байгаа. Үүний жишээ маш олон байна. Манай монголын уран бүтээлчид олон улсын тэмцээнд оролцохдоо тодорхой хэмжээнд амжилт үзүүлээд, олон улсын дуурийн дуулаачдын дунд өөрсдийн гэсэн байр суурьтай болсон. Манай дуурийн дуучид дэлхийн хэмжээнд очиход тун ойртсон байгаа энэ үед улсаас маань энэ дуучдаа дэмжиж ажиллавал бид амжилт үзүүлэхэд тун ойрхон байгаа.

Сур: Та тоглолтынхоо сурталчилгаанд Глинки, Эва Мартон гэсэн 2 уралдааныг онцгойлсны учир?

Э.А.: Энэ 2 тоглолтын хувьд миний орж байсан тэмцээнүүд дундаас хамгийн өргөн хүрээтэй,том тэмцээнүүд юм. Эва Мартон бол Европ дундаа хамгийн том дуурийн дуулаачдын тэмцээн, Глинки бол ОХУ-д зохион байгуулагдаж байсан бас нэлээд томоохон тэмцээн юм.

Сур: Эва Мартоны уралдаан алдарт хөгжмийн зохиолч Листийн нэрэмжит Академийн концертын танхимд болдог. Энэ театрын тайз, орчин ямар байсан? Тэндээс Монголдоо ийм байлгах юмсан гэж сэтгэлдээ тээж ирсэн зүйл байгаа байх. Энэ талаараа, мөн уралдааны талаарх сэтгэгдлээ хуваалцана уу.

Э.А.: Эва Мартоны уралдааны хувьд тайз, орчин, зохион байгуулалтын хувьд үнэхээр гайхалтай байсан. Тоглолтын танхим нь Австрийн Венийн алтан тайз шиг тохижилттой байсан. Манай эх орон ийм тоглолтын танхимтай болчихвол мэдээж уран бүтээлч бидний хувьд сайхан л санагдаж байна. Монголдоо Дэлхийн хэмжээний ийм том зохион байгуулалт болон тайз, хөгжим хэрэгслийг бий болгохыг их л хүсэж явдаг даа...

Сур: Таны өрсөлдөгчид ямар хүмүүс байсан бэ? Шүүгчдийн шаардлага өндөр байсан уу?

Э.А.: Эва Мартоны уралдаан нь Европтоо хамгийн алдартай том тэмцээн. Тэр ч утгаараа олон орны мундаг дуурийн дуучид ирж оролцсон. Олон улсын тэмцээнүүдийн нэрт шагналтнууд оролцсон тус тэмцээнээс тэргүүн байрын шагнал авсандаа их баярлаж явдаг. Олон улсын том тэмцээн гэдэг утгаараа мэдээж шүүгчдийн шалгуур, тэмцээнийхээ онцлогоос шалтгаалаад өндөр байсан.

Сур: Анхны бие даасан тоглолтоо Prima гэж нэрлэсний учир?

Э.А.: PRIMА гэдэг нь монголоор орчуулбал анхны, эхний, эхлэл гэсэн утгатай үг. Мөн дээрээс нь европоос авсан миний анхны шагнал маань Эва Мартоны II уралдааны 1-р байрын шагнал байсан. Бас тоглолтын өдөр маань миний хорвоод анх мэндэлсэн өдөр тохиож байгаа. Ийм олон шалтгаанаар PRIMA гэж нэрлэсэн.

Сур: Prima тоглолтын онцлог? Та үзэгчдэд юу хүргэхийг хүсэж байна вэ?

Э.А.: Тоглолтынхоо хөтөлбөрт аль болох Монголын үзэгчдэд шинэ содон байх бүтээлүүд сонгохыг хичээлээ. Миний багш Анатоли Гусев бол итали буюу неаполитан дууны мэргэжилтэн. Итали дуу их уянгалаг, зүрхнээс зүрхэнд хүрдэг, хүчтэй мэдрэмж дамжуулдаг онцлогтой. Ийм учраас хэд хэдэн итали дуу дуулахаар бэлдсэн байгаа. Мөн Италийн нэрт удирдаач Леонардо Куадрини тоглолтын маань удирдаачаар уригдаж ирээд байгаа. Уран бүтээлчид бид үзэгчдэдээ үргэлж шинэ, сайхан мэдрэмж бэлэглэхийг хичээдэг. Ийм учраас анхны энэ тоглолт маань надад төрж байгаа мэдрэмж шиг, үзэгчдийн маань хувьд ч бас, анхны эхний олон мэдрэжмийг өгөөсэй гэж хүсэж байна.

Сур: Их ажлынхаа дундуур цаг зав гаргасанд баярлалаа. Таны тоглолтонд болон цаашдын уран бүтээлд тань өндөр амжилт хүсье!

Э.А.: Баярлалаа. Та бүхэнд ч бас амжилт хүсье!

Нийтэлсэн: Bilig   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -00   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -01   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй

HUB SPRING PARTY VOL.1

  • Хаана:
  • Хэзээ:

Венийн Вальс

  • Хаана:
  • Хэзээ:

Цэцэг Return 88

  • Хаана:
  • Хэзээ:

Mongolia fashion week 2024

  • Хаана:
  • Хэзээ:

"Зүүд" тоглолт

  • Хаана:
  • Хэзээ:

POWER Expo & Festival XII

  • Хаана:
  • Хэзээ:

Хаврын хит-2024

  • Хаана:
  • Хэзээ:

Facebook хуудас